Saturday, April 30, 2011

Өвөг Түүхийн хичээлийн хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

Монголын түүхийн тэнхим

“ӨВӨГ ТҮҮХ”

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Боловсруулсан: доктор, дэд проф. Ц.Төрбат

Улаанбаатар

2009

Индекс:

Хичээлийн нэр: ”Өвөг түүх”

Түвшин: Бакалаврын түвшиний нэгдүгээр ангид орох хичээл

Кредит : 2,0 (26 цаг лекц, 8 цаг семинар)

Хичээл заах багш: Ц.Төрбат (доктор, дэд профессор)

Хичээл хоорондын залгамж холбоо:

Хэвтээгээр: Мэргэжлийн удиртгал, Монголын түүх, Археологи, Угсаатны зүй

Үндэслэл:

Өвөг түүхийн хамрах хугацаанд орчин цагийн хүн бий болж, үндсэн арьстны ба үндэстний ялгаа бий болж, нийгмийн үйлдвэрлэх хүчин хөгжиж, нийгмийн ба гэр бүлийн бүтэц бий болжээ. Эдгээр суурь асуудлыг ойлгохгүйгээр хүний нийгмийн түүхэн хөгжлийн ерөнхий зүй тогтлыг ойлгох боломжгүй бөгөөд Монголын эртний түүх, угсаатны зүй, археологийн асуудлаар сургалт судалгааны ажил эрхлэхэд чухал суурь ойлголтыг төлөвшүүлэхэд шаардагатай хичээл юм. Нөгөө талаас энэ хичээлийг үзэх нь Монголын түүх, Дэлхийн түүх, Археологи, Угсаатны зүй зэрэг хичээлийг үзэх удиртгал бэлтгэл болох ач холбогдолтой юм.

Зорилго:

· Хүний нийгмийн өвөг ба түрүү үеийн талаарх цогц мэдлэгтэй болох,

· Нийгмийн ба эдийн засийн үндсэн байгуулалуудын хөгжлийн зүй тогтлыг ойлгох,

· Нийгмийн оюун санааны амьдралын үүсэл хөгжлийг ойлгоход оршино.

Зорилтууд:

· Антропосоциогенезийн үе шатууд ба хөдөлгөгч хүчийг илрүүлэх,

· Нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн онцлог ба түүний нийгмийн зохион байгуулалтын бүтцийн хөгжилтэй уялдах асуудлыг тодруулах,

· Өвөг түүхийн янз бүрийн үеүдэд оюун санааны амьдрал хэрхэн бий болж, хөгжиж ирснийг авч үзэх,

· Гэр бүлийн харилцааны үүсэл ба хувьслыг хөөн судлах,

· Өвөг түүхийн хөгжлийн турш өмчийн харилцаа (нийтийн өмчөөс хувийн өмч рүү) хэрхэн хувьсаж ирснийг авч үзэх,

· Өвөг түүхийн үеийн хөгжлийн явцад аж ахуй-соёлын хэв шинжүүд бүрэлдэн, аажмаар үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн асуудлыг авч үзэх зэрэг болно.

Сургалтын үйл ажиллагаа, арга зүй:

Энэхүү хөтөлбөр модуль хэлбэрээр боловсруулагдсан бөгөөд суралцагчдад агуулгын сонголт хийх зарим бололцоог олгосон болно. Хөтөлбөрийн цөм агуулгыг лекц ба семинарын хичээл гэсэн хоёр хэлбэрээр олгоно. Лекцийн үндсэн агуулга ба семинарын аргачлалыг тус бүрд нь дэлгэрэнгүй гаргасан. Модуль бүрт лекц ба семинарын хичээлийн багц агуулга багтсан байна. Хөтөлбөрийн эцэст шалгалтын асуулт, реферат ба курсийн ажлын сэдвүүдийг жагсаасан болно.

Модуль 1.

Өвөг түүхийн удиртгал

1.1.Өвөг түүхийн хамрах хүрээ, агуулга, ач холбогдол

Өвөг түүхийн хичээлийн зорилго, зорилт ба судласны ач холбогдол. “Өвөг түүх” ба “Хүй нэгдлийн нийгмийн түүх” гэсэн ойлголтууд. Хүн төрөлхтний түүхэнд эзлэх байр суурь. Өвөг түүхийн үеийн сэргээн үзэхийн ач холбогдол. Антропогенез ба социогенезийн асуудлууд. Нийгмийн давхраажсан байгуулалд шилжсэн нь. Өвөг түүхийн хамрах он цаг. Өвөг түүхийн үеийг үечлэх нь. Хичээлд холбогдох үндсэн ном зохиолууд.

1.2.Өвөг түүхийн үеийг судлах сурвалжууд

Өвөг түүхийн сурвалжууд: археологи, угсаатны зүй, палеоантропологи, түүхэн антропологи, газар зүй, палеозоологи, рхеология, этнография, историческая антропология, палеоботаник, түүхэн хэл шинжлэл, байгалийн ухаанууд. Сурвалжуудад шүүмжлэлтэй хандах нь. Түүхэн сэргээлт хийхэд угсаатны зүйн мэдээг ашиглах боломж ба дутагдал.

1.3.Өвөг түүхийн үеийг судласан тойм

· Нэгдүгээр үе. Түүхийн өмнөх үеийн тухай ойлголтууд эрт үе ба дундад зууны турш. Газар зүйн их нээлтүүд, шинэ мэдээлэл хуримтлагдаж эхэлсэн нь. Түүхэн сурвалжуудын ач холбогдол.

· Хоёрдугаар үе. Хуримтлагдсан мэдээг нэгтгэн дүгнэж эхэсэн нь: М. Монтень, Т. Гоббс, Ж. Локк, Г. Форстер.

· Гуравдугаар үе. Өвөг түүхийн судлал шинжлэх ухаан болон төлөвшсөн нь. Соён гэгээрлийн эрин үеийн өвөг түүхийн тухай ойлголтууд. Ч. Дарвинийн сургаалийн нөлөө.

· Дөрөвдүгээр үе. Өвөг түүхийг шинэ үед судлаж ирсэн нь. Өрнөдийн ба Орос-Зөвлөлтийн сургуулийн судалгааны чиглэлүүд, онцлог.

Модуль № 2.

Антропосоциогенезийн эхлэл

2.1. Хүний нийгэм бий болох үндэс суурь

үний “нийгмийн шинж”, “биологийн шинж” ба “соёл” гэсэн ойлголтууд. Нийгмийн хөгжилд нийгэм-эдийн засгийн харилцааны үзүүлэх нөлөө. Приматуудын нийгмийн шинж чанар. Зэрлэг амьтдын нийгмийн шинж чанар. Бүдүүлэг чулуун зэвсэг эзэмшсэн анчид ба түүвэрлэгчид. Өвөг хүний нийгмийг сэргээн харах нь. Притамийн нийгэмжсэн шинж биологийн шинжийг давамгайлсан нь. Өвөг хүмүүсийн агнуурын аж ахуй. Хоёр хөл дээрээ босоо явах чадварыг эзэмшсэн нь. Чулуун зэвсгийг эзэмшсэн асуудал.

2.2. Хүний нийгмийн "Анхдугаар хямрал" ба түүнээс гарсан нь

Өвөг хүмүүсийн нийгэмд биологийн (зоологийн индивидуализм) ба нийгмийн шинжүүд зөрчилдсөн нь. Хүйсүүдийн хоорондын харилцааг зохицуулах шаардлага бий болсон нь. Бэлгийн ба хүнсний табу гарсан нь өвөг хүмүүсийн анхны нийгмийн зохицуулагч болсон тухай. Промискуитет, агами, аноми, эндогам, экзогам зэрэг нэр томъёо. “Анхдугаар хямрал”-ыг давсантай холбогдож биологийн ба нийгмийн хувьсал гарсан нь. Эдгээр хувьсал эртний зан заншилд тусгагдсан нь.

2.3. Австралопитекийг нээж судласан нь

Африкийн хөрс шороон дээр өвөг хүн бий болж хөгжсөн тухай. Хамгийн эртний өвөг хүмүүс: Тумай (7,0 сая жил), Оррорин тугененсис (6,0 сая жил). Австралопитекийг нээсэн нь. Р.Дарт, Л.Ликигийн гэр бүл, И.Коппенс, М.Брюнэ. Чулуун зэвсэг хэрэглэж эхэлсэн он цаг, газар нутаг. Австралопитекийн хөдөлмөрийн үйл ажиллагаа. Австралопитектэй холбогдуулан полицентризм и моноцентризмийн асуудлыг хөндөн үзэх нь.

2.4. Архантропийг нээж судласан нь

Эртний ойкумений өргөсөлт. Хомо-гийн бүлгийн анхны төлөөлөгчид. Хомо Хабилис, Хомо Эргастер, Хомо Эректус. Архантропуудын антропологийн бүтэц ба хөдөлмөрийн үйл ажиллагааны хувьсал. Умард Азид ашелийн зэвсэг түгсэн асуудал. Умард Азийн түрүү палеолитийн дурсгалуудыг архантроптой холбогдуулах нь. Төв Азийн доод палеолитийн үеийн дурсгалууд.

2.5. Палеоантропийг нээж судласан нь

Неандерталийн асуудал: түрүү ба сонгодог неандертальчууд. Тэдний тархалт ба мөхөл. Хуучин ертөнцийн мустьегийн эрин үе. Төв Азийн мустьегийн үеийн дурсгалууд. Члуун зэвсэг боловсруулах леваллуагийн арга ба түүний хүний нийгмийн хөгжилд үзүүлсэн нөлөө.

Модуль № 3.

Хүний нийгэм бий болсон нь. Хүн сүргийн үе

3.1. Палеоантропуудын антропологийн шинж төрх. Арьстан бий болсон нь

Архантроп ба палеантропийн ялгаа. Түрүү ба хожуу палеоантропуудын морфологийн бүтэц. Түрүү үеийн эдийн соёлын хөгжлийн тасалдал ба хувьслын зарчим. Палеоантропуудын хувьсалд уур амьсгалын ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлсөн нь. Арьсны ялгаа бий болсон шалтгаан.

3.2. Сонгодог (хожуу) неандертальчуудын соёл

Хожуу неандертальчуудын нийгмийн ахиц дэвшил: оршуулга, анхдагч урлаг, харицан туслалцах заншил (Шанидар агуйн оршуулга). Тотемизм: гавлын ясыг оршуулах нь ба бодит хэмжээтэй макет. Хэл ба яриа үүссэн асуудал. Хожуу өвөг хүмүүсийн шашин шүтлэгийн үндэс.

3.3. Хүний нийгмийн "Хоёрдугаар хямрал" ба түүнийг даван гарсан нь

Инбридинг ба түүний хожуу өвөг хүмүүст үзүүлсэн нөлөө. Хүний нийгмийн төлөвших явцын төгсгөл үеийн хүй сүргийн шинж төрх. “Хоёрдугаар хямрал”-ын тухай угсаатны зүй, бичгийн болон палеоантропологийн мэдээнүүд. Хосолмол бүтэцтэй овгийн зохион байгуулалт болон аймаг бий болсон нь. Суурь асуудал: Хожуу палеоантропууд орчин цагийн хүн болсон уу? эсвэл тэд дахин нэг удаа Африкаас гадагшилж Хуучин ертөнцийг колончилсон уу?

Модуль № 4.

Түрүү хүй нэгдлийн овог

4.1. Түрүү хүй нэгдлийн овог бий болсон нь

Хосолмол-овог ба хосолмол-фратрийн нийгмийн зохион байгуулалт. Овгийн нийгмийн зоион байгуулалт: аймаг үүссэн асуудал. Палеантропоос неоантропуудад (Homo Sapiens) уламжлагдсан зүйлс. Төв Азийн хожуу палеолитийн археологийн дурсгалууд. Энэ үеийн ахиц дэвшил.

4.2. Орчин цагийн хүн ойкуменийг эзэмшин суурьшсан нь.

Хуучин ертөнц, Австрали, Далайн орнуудыг эзэмшсэн нь. Хүний бие оргианизм янз бүрийн байгаль-цаг уурын нөхцөлд дасан зохицсон нь. Хүний арьсны гурван том хэв шинж. Арьстнууд ба дэд арьстнууд.

4.3. Хэл бий болсон нь

Хэлний үл тасалдах шинж. Хэл, хэлний бүлгүүдийг ангилах нь. Түрүү хүй нэгдлийн үеийн хэлний бүтэц, үгсийн сангийн онцлог. Хэл шинжлэлийн үүднээс өвөг түүхийг судлах боломж.

4.4. Түрүү хүй нэгдлийн нийгмийн байгуулал

Эхийн эрхт ёс. Төрөлсөлт ба гэр бүлийн систем. Төрөлсөл ба гэр бүлийн эртний харилцааны талаарх угсаатны зүйн баримтууд. Овог, аймгийн доторхи нас хүйсний бүлгүүд, хүүхдийг нийгэмшүүлэх заншлууд. Түрүү хүй нэгдлийн нийгмийн байгуулалын үлдэгдэл эртний ба орчин үеийн суурингийн төлөвлөлтөд тусгагдсан нь. Эрчүүд ба эмэгтэйчүүдийн сууц.

4.5. Түрүү хүй нэгдлийн оюуны соёл

Дээд палеолитийн үеийн урлаг ба түүний онцлог. Тотемизм-онгон шүтээн, маги-дом шившлэг, балар эртний ёслол заншил, анимизм-амьдчилах үзэл, фетишизм-цалиг дүр, байгалийн хүч чадлыг шүтэх нь. Хүй нэгдлийн үеийн урлаг, тотемизм болон дом шившлэгийн холбоо. Түрүү хүй нэгдлийн үеийн шүтлэгийн орчин үед уламжлагдсан улбаа.

4.6. Түрүү хүй нэгдлийн эдийн соёл

Үйлдвэрлэх хүчний дэвшингүй хөгжил. Гэр сууц. Төв Ази, Сибирийн түрүү хүй нэгдлийн эдийн соёлын онцлог. Хүрээлэн буй орчны тухай мэдлэг ухааны хуримтлал. Хүртэх аж ахуйн дэвшил. Түрүү хүй нэгдлийн овгуудын мэргэжил.

4.7. Хүний нийгмийн "Гуравдугаар хямрал" ба үйлдвэрлэх аж ахуйн үндэс тавигдсан нь

Мөстлөгийн эрин үеийн төгсгөл, нүсэр биет амьтдын эцэс, түрүү хүй нэгдлийн аж ахуйн хямрал. Мезолитийн үе: ганцаарчилсан агнуур ба загас агнуур. Төв Азийн мезолитийн дурсгалууд. Неолитийн үе: үйлдвэрлэх аж ахуйн эхлэл. Төв Азийн неолитийн соёлууд. Ургамал, амтдыг гаршуулсан голомт нутгууд (Н.И. Вавиловийн ургамлын 7 голомт г.м.). Мал аж ахуйн үүсэл. “Хүй нэгдлийн үеийн элбэг баян амьдрал”-ын тухай “домог”.

Модуль № 5.

Хожуу хүй нэгдлийн овог

5.1. Хүртэх аж ахуйгаас үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн нь

Нэмүү бүтээгдэхүүн бий болсон тухай. Овог хоорондын хөдөлмөрийн хуваарь. Өмчийн анхдагч хэлбэрүүд. Бэлэг солилцох (тансаг) эдийн засаг. Гар урлал бий болсон нь. Хожуу хүй нэгдлийн нийгмийн байгуулалд хувийн болон нийтийн өмчийн үзүүлсэн нөлөө.

5.2. Хожуу хүй нэгдлийн нийгмийн байгуулал

Нас, хйүсний бүлгүүд. Овог доторхи хөдөлмөрийн хуваарь. Нийгмийн зохион байгуулалтын давхраажилт: овог, ураг, хүй, яс, аймаг г.м.. Хожуу хүй нэгдлийн нийгмийн бүтэцийн талаарх археологийн ба угсаатны зүйн мэдээ.

5.3. Хосолмол гэрлэлт ба хос гэр бүл бий болж хөгжсөн нь

Эдийн засгийн дэвшил овгийн бүтэц ба төрөлсөлт, гэрлэлтэд нөлөөлсөн нь. Хос гэр бүл ба овог болон төрлийн хоорондын харилцаа. Өмчлөлийн түрүү хэлбэрүүд овгийн нийтийн өмчлөлтэй зөрчилдсөн нь. Бигмэн.

5.4. Хожуу хүй нэгдлийн оюуны соёл

Неолитийн үеийн урлаг ба түүний онцлог. Архитектур, шавар эдлэлийн урлал, нэхмэлийн урлал бий болсон нь. Газар тариаланч-малчидийн гал шүтлэг ба үржил шимийн шүтлэг. Анчид, түүвэрлэгчид, загасчдын бөө мөргөл. Ертөнцийн шашнуудын эхлэл. Тахилгач-тайлгачид бий болсон нь. Хожуу хүй нэгдлийн овогт “системтэй” шашны үзлийн ач холбогдол.

Модуль № 6.

Хүй нэгдлийн байгуулал задарсан нь. Ангит нийгмийн үүсэл

6.1. Хүй нэгдлийн байгуулал задрах аж ахуйн үндэс

Төмөрлөг боловсруулж эхэлсэн нь: зэс, хүрэл, төмөр. Төмөрлөг боловсруулах арга ажиллагаа. Үйлдвэрлэх хүчний бүтээмжийн өсөлт ба ач холбогдол: зүтгэх мал, анжис, унах морь, тэрэг чарга. Энеолитийн үе. Нүүдлийн мал аж ахуй төлөвшин бий болсон нь. Төв Азийн энеолитийн соёлууд.

6.2. Хувийн өмч бий болсон нь

Хувийн өмч давамгайлах болсноор нийгмийн бүтэц өөрчлөгдсөн нь. Удирдагчдын үүсэл. Түрүү ангит нийгэм. Худалдаа арилжуу бий болсон нь. Хүй харилцаа ба овог аймгийн харилцааны ялгаа. Газар тариаланчид ба малчдын нийгэмд хувийн өмч ялах үйл явцад гарсан ялгаа.

6.3. Хүй нэгдлийн байгуулал задрах үеийн гэр бүл ба гэрлэлт

Эцгээс овоглох явдал дамагайлж эмэгтэйчүүд нийгмийн хувьд дарлалд орсон нь. Моногам гэр бүл, эцсгийн эрх хувийн өмчлөл. Патриархат – эцгийн эрхт ёс. Хувийн өмчид тулгаарласан эцгийн эрх ёс ялсан нь хүй нэгдлийн нийгэм задрах эцсйн дохио болсон нь.

6.4. Ангит нийгмүүдийн зах хязгаар дахь хүй нэгдлийн үлдэгдэл

Апополит ба синполит хэлбэрийн хүй нэгдлийн байгуулалууд. Тусгаарлагдмал хүй нэгдлийн үлдэгдлүүд. Соёлын харилцан нөлөөлөл. Колончлол ба шинэ колончлол. Үлдэгдэл маягийн ёс заншил ба хэм хэмжээ.

СЕМИНАРЫН АРГАЧЛАЛ

Семинар № 1

Хүний үүсэл гарал: шинэ саналууд ба шүммжлэлүүд

· Монголын түүхийн шинжлэх ухааны ном зохиолууд, сурах бичгүүдэд хүний үүслийн асуудлыг хэрхэн үзэж ирснийг дэс дараалан гаргаж дүгнэлт хийх. Үүнд, хүний үүссэн он цаг, газар нутаг, хүний үүслийн модыг зурах байдал, неандерталь ба орчин үеийн хүний төрөлсөлтийн байдлыг хэрхэн үзэв зэрэг асуудалд анхаарлаа хандуулах.

· Сүүлийн үед гарсан хүний үүслийн тухай зарим үзлүүд: Эрнст Мулдашевийн онолыг авч үзэх.

· Хүний үүслийн тухай шинжлэх ухаанч үзэл. Сүүлийн үеийн нээлтүүд.

Семинар № 2

Төв Азийн чулуун зэвсгийн үеийн урлаг

· Монголын чулуун зэвсгийн үеийн урлагийн дурсгалууд.

· Палеолитийн үе. Зосон зураг: Хойд Цэнхэрийн агуй. Сийлмэл зураг: Ишгэн толгой, Хад Үзүүр, Цагаан Салаа-Бага Ойгур, Чандмань Хар Үзүүр.

· Мезолитийн үе: Рашаан хад, Можоо.

· Неолитийн үе: Хөрөөгийн үзүүр г.м.

· Эдгээр зургуудийн гол дүрслэл, дүрслэх арга барил, онцлог зэргийг тодруулах.

Семинар № 3

Монголын бөө мөргөл

· Монголын бөө мөргөлийн үүсэл. Бөөгийн шашны ертөнцийг үзэх үзэл, үндсэн зарчмууд.

· Эртний шашин шүтлэгийн хэлбэрүүд.

· Монголын эртний домог зүй. Түүний дүрүүд зэргийг авч үзнэ.

Семинар № 4

Гэрлэлт, гэр бүл, хувийн өмчийн үүсэл

· Эхийн эрхт ёсны үлдэгдлийг харуулсан Монголын аман зохиол, угсаатны зүйн баримтуудыг олж илрүүлэн, тодорхойлон бичих.

· Гэрлэлтийн эртний хэлбэрүүдийг Л.Морган ба Ф.Энгельс нарынхаар тодорхойлон дэс дараатайгаар бичих.

· Монголчуудын төрөлсөх ёсыг системтэйгээр гаргаж эртний уламжлалыг тодруулах шаардлагатай.

Хөтөлбөрийн үндсэн хэрэглэгдэхүүн

1. Алексеев В.П. Становление человечества. М., 1984. - 180 с.

2. Борисковский П.И. Древнейшее прошлое человечества. Л., 1979. - 240 с.

3. БНМАУ-ын түүх. Тэргүүн боть. УБ., 1966.

4. Далай Ч. Монголын бөөгийн шашны товч түүх. УБ., 1959.

5. Дулам С. Монгол домог зүйн дүр. УБ., 1985.

6. История первобытного общества. Эпоха первобытной родовой общины. М., 1986. - 574 с.

7. Ларичев В.Е. Поиски предков Адама. М., 1978. - 128 с.

8. Ларичев В.Е. Сад Эдема. М., 1980, - 400 с.

9. Мартынов А.И. Археология. М., 1996. - 416 с.

10. Монгол улсын түүх. Тэргүүн боть. Ред. Д.Цэвээндорж. УБ., 2004.

11. Мулдашев Э.. Хүн мичнээс үүсээгүй. УБ., 2006.

12. Наваан Д. Эртний Монголын түүхийн дурсгалууд. УБ., 1980.

13. Наваан Д. Эртний хүний ул мөр. УБ., 1960.

14. Окладников А.П. Сибирийг нээсэн нь. УБ., 1980.

15. Першиц А.И., Монгайт А.Л., Алексеев В.П. История первобытного общества. М., 1968. – 206 с ; изд. третье, М., 1982. – 223 с.

16. Семенов В.А. Первобытное искусство. Каменный век, бронзовый век. СПб., 2008.

17. Токарев С.А. Ранние формы религии. М., 1990. - 624 с.

18. Цэвээндорж Д. Хүй нэгдлийн урлагийн дурсгал. УБ., 1983.

19. Цэвээндорж Д. Монголын эртний урлагийн түүх. УБ., 1999.

20. Цэвээндорж Д., Баяр Д., Цэрэндагва Я., Очирхуяг Ц. Монголын археологи. УБ., 2001.

21. Цэвээндорж Д., Батболд Н., Амгалантөгс Ц. Нэн эртний монгол хүн – монголантропос. – Археологийн судлал. Боть III, Дэвтэр 1, УБ., 2005.

22. Энгельс Ф. Өрх гэр, хувийн өмч, төрийн үүсэл. Түүвэр зохиол. Боть 3. УБ., 1978.

23. Coppens Y., Tseveendorj D., Demeter F., Turbat Ts. and Giscard P.-H.. Discovery of an archaic Homo Sapiens skullcap in Northeast Mongolia. - In: C. R. Paleovol, 7 (2008). Académie des Sciences. Elsevier Masson SAS. pp.51-60.

24. La Nouvelle Histoire des Hommes Disparus. Toumai, Orrorin homme de Flores … l’explosion des decouvertes et des debats. – Science & Vie. Hors Serie. 235. Juin 2006.

25. La Nouvelle Histoire de l’Homme. De Toumai a Homo Sapiens. – Les Dossiers de la Recherche. 32, Aout 2008.

Шалгалтын асуулт ба реферат, курсийн ажлын сэдвүүд

Ø Өвөг түүхийн судалгааны сурвалжууд

Ø Өвөг түүхийн он цаг ба ангилал

Ø Ч. Дарвинаас өмнөх Өвөг түүхийн түүх бичлэг

Ø XIX зууны сүүл үеэс өнөөг хүртэлх Өвөг түүхийн түүх бичлэг

Ø Австралопитекийг нээж судласан нь

Ø Хүй нэгдлийн сүрэг: зоологийн индивидуализийг даван туулсан нь

Ø Архантропийг нээж судласан нь

Ø Нийгмийн харилцааг зохицуулах анхны оролдлого: табу

Ø Палеантропийг нээж судласан нь

Ø Хүн сүрэг, түүний бүтэц, зохион байгуулалт

Ø Палеантропийн оюуны соёл: тотемизм, оршуулга, урлагийн үүсэл

Ø Хэл яриа бий болсон асуудал

Ø Түрүү хүй нэгдлийн үед хүрээлэн буй орчны талаарх мэдлэг зузаарч хуримтлагдсан нь

Ø Түрүү хүй нэгдлийн оюуны соёл: шашин шүтлэгийн анхдагч хэлбэрүүд

Ø Овгийн байгуулалын амьдралд анхдагч урлагийн үзүүлсэн нөлөө

Ø Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгалууд

Ø Түрүү хүй нэгдлийн үеийн нийгмийн зохион байгуулалт ба төрөлслөлт

Ø Эхийн эрхт ёс

Ø Түрүү хүй нэгдлийн үеийн гэрлэлт

Ø Хүртэх аж ахуй, түүний хэлбэрүүд

Ø Мезолитийн үе: хүний нийгмийн гуравдагч хямрал ба түүнийг даван туулсан нь

Ø Неолитийн хувьсгал, Неолитийн үеийн эдийн соёл

Ø Түрүү газар тариалангийн үүсэл ба голомт нутаг

Ø Хожуу хүй нэгдлийн нийгмийн бүтэц

Ø Өмчийн анхдагч хэлбэрүүд

Ø Хожуу хүй нэгдлийн гэрлэлт ба гэр бүл

Ø Хожуу хүй нэгдлийн овгийн дотоод хөдөлмөрийн хуваарь

Ø “Тансаг” эдийн засаг ба түүний хувийн өмч бий болоход гүйцэтгэсэн үүрэг

Ø Хүй нэгдлийн нийгэм дэх хүүхдийн нийгэмжүүлэх үйлдлүүд: нялх, балчир нас ба инициац

Ø Хожуу хүй нэгдлийн оюуны соёл

Ø Бөө мөргөл бий болсон нь

Ø Үйлдвэрлэх хүчний хөгжилд төмөрлөгийн гүйцэтгэсэн үүрэг: зэс, хүрэл, төмөр

Ø Хүй нэгдлийн нийгэм задрах үеийн үйлдвэрлэх хүчний хөгжил ба мал аж ахуй

Ø Нэмүү бүтээгдэхүүн бий болсон нь: шалтгаан ба үр дагавар

Ø Хүй хоорондын хөдөлмөрийн хуваарь ба худалдаа арилжаа

Ø Хувийн өмч бий болсон нь

Ø Гэр бүл салан гарсан ба түүний нийгмийн үр дагавар

No comments:

Post a Comment